Tuesday, November 6, 2012
Исламын хас
Ислам шашны сургаал номлолыг дэлгэрүүлэгч зонхилох хэл болсон перс, араб, түрэг хэлний толь бичиг тэргүүтнийг шүүрдэн нягталж үзэхэд хас бэлгэдлийн үүсгэлийг христ шашны загалмай тэмдэгтэй холбоотойгоор тайлбарласан нь элбэг тохиож байна. Исламын соёл иргэншилд түгээмэл тархсан хас бэлгэдпийн анхны дэлгэрэл нь зөвхөн гоёл чимэглэл (декор)-ийн зориулалттай байсан тэр шинж чанараараа бусдаас ихэд ялгардаг. Дундад зууны дунд үеэс, чухамхүү Монголын зуун Чингисийн эрин эхэлсэн тэр үеэс мусульманы ертөнцөд хас тэмдгийг ихэд хүндэтгэн дээдэлж, нэг ёсондоо түүнд ариун шүтээн (оккульт, сакраль)-ний агуулгаар “бөхөлзөн” хандах болсон нь ажиглагддаг юм.
Цагаадайн удмын алтан ургийн гүнжтэй гэрлэж Их Монгол Улсыг цогцлоон байгуулсан гүр эмир Төмөр буюу доголон Төмөрийн орд харш гадна ёслолын хаалганаасаа эхлээд дотогш хана тааз, шал дэвсгэр, гүц домбо, монет мөнгө зэрэг бүгд л хас тамганы олон төрлийн хувилбараар чимэглэгдсэн байдаг нь үүнийг хөдөлбөргүй нотлох мэт бөлгөө. Самаркандад доголон Төмөрийн удам угсааг онголсон “Гүр Эмир” бунхны гадар ханын дөрвөн талын чимэг болсон хас тамганы нугалсан үзүүрт “Аллах” бурхны нэрийг араб каллиграфаар угалзлуулан хөх шигтгээт чамин паалан (мозайка)-гаар гоё ганган урласан нь бий. Энэ нь исламын далд бодлогоор зориуд дэлгэрүүлсэн гэж хэлж болох хаст каллиграфын анхдагч дурсгал гэдэг нь эдүгээ нэгэнт эргэлзээгүй болов. Гэтэл, тэдний хөрш зэргэлдээх түрэгүүд мөн зүүн Ромыг хүртэл эрхшээсэн Османы эзэнт гүрэн (Их Улус)-ийг байгуулж хэдийнэ амжсан байлаа. Тухайн “шинэ цаг”-ийн чиг тусгалыг соргог мэдэрсэн Османы султан бас л “аллах"-ын нэрийг алтан хаст каллиграфаар сийлэн урлаж орд харшийнхаа хананд залав. Энэ үйлдэл нь тэрээр бас “дэлхийн хаан"-д санаархаж байгаагаа хоёргүй утгаар илэрхийлсэн дохио зүйн хэллэг бөгөөд цаагуураа дипломат нарийн утгатай байсан юмсанж. Тийм учраас гүр эмир Төмөр үүнийг эрээ цээргүй өдөөн хатгалга гэж үзээд удаан тэвчсэнгүй, нэг л өдөр Их улсын эсрэг их цэргийг хөдөлгөн дайлаар мордлоо.
1402 онд Османы султан Баязитын арми Анкара хотын дэргэд Гүр эмир Төмөрийн цэрэгт бут цохигдов. Гүр эмир Төмөрийн ахин давтан хэлэх дуртай “Эх дэлхий ээх наран хоёр байдгүйн адил энэ дэлхийд эзэн хаан ганцхан байх учиртай” хэмээсэн сүрт тунхаглалыг дуулсаар мэдсээр байж болчимгүй алхам хийсэн Османы султан ч дайсандаа амьдаар олзлогдов. Суут эрдэмтэн, их зураач Леонардо да Винчийн туурвисан “Анкарагийн дэргэдэх тулалдаан” уран таталбарт "Гүр эмир Төмөртэй дэмий баахан арцалдаж Осман гүрнийг мөхөөх үүдийг нээсэн ухвар мөчид Баязит ноёныг баалжээ. Баязитыг буруутгасан санааг тэнд уран сайхны аргаар лавшруулан илэрхийлэхдээ, хэргийн эзнийг “төмөр торонд өчүүхэн болжмор лугаа адил суулган цагдаж яваагаар” харуулсан байдаг. Доголон Төмөрийн удмаас Их Моголыг алдаршуулсан олон гарамгай хүмүүс төрсөн бөгөөд тэдгээрээс исламын бурхантай эн дүйх хэмжээнд нэршин үлдэж чадсан нь ганцхан Акбар байв. Моголистаны уудам дэлгэр нутгийн ислам шашинтнууд өнөө хэр хоорондоо “аллах акбар” хэмээн мэндэлдэг билээ.
Ferdinand D.Lessing-гийн 2003 онд Туркийн нийслэл Анкара хотноо хэвлүүлсэн “Монгол-Түрэг хэлний толь бичиг”-ийн II боть (О-С үсэг)-д хас тэмдгийг түрэг хэлээр “гамали хач”, монгол хэлээр “хас үсүг” гэсэн байна. “Гамали хач” гэдэг нь гамма үсгээр зангидсан загалмай тэмдэг гэсэн утгатай. Харин монголчууд буюу түүний исламжсан тал хэсэг нь мөнөөх тэмдгийг “хас үсэг” гэсээр иржээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment