Tuesday, November 6, 2012

Монгол хас дэлхийг эзэлсээр




Европын хас

Оросын хас судлалын орь ганц төлөөлөгч, этнологич Роман Богдасаров “Ариун шүтээний хас бэлгэдэл” бүтээлдээ өгүүлснээр бол 1852 оны орчим Францын эрдэмтэн, нэрт хэл шинжээч Эжен Бурнуф “Свастикв" нэрийг эрдэм шинжилгээний орчилд анх оруулснаар уг нэр томъёо хүн төрөлхтний нийтлэг хэрэглээний үг болох эхлэл тавигджээ. Хас бэлгэдлийн гарал үүсэл, нэршил хэлбэршилтийг европ зүгт дараах үндсэн гурван онолоор тайлбарласаар иржээ. Үүнд: Нугалаат загалмай, (Изломанный крест), Зангилаат загалмай, (Крест с вензелем), Хөлт загалмай, (Крест с ногами) зэрэг багтдаг аж. Эндээс хасыг грек, ром, англи, орос, герман хэлээр чухам юу гэж тухайлан нэрийдэж байгаагаас нь улбаалан... хөөн хэлцэх замаар хасын тухай европ нэршлүүдийн уг үндсийг ухварлан ойлгож болох аж. Ром, латинаар хасыг “Crux Gammata", оросоор “гамматический крест” гэдэг. Үүнийг монголоор “гамма-т загалмай” гэе. Хасыг грекээр “tetraskelion" буюу “cross gammadion” гэдгийг орос хэлнээ “четыре гаммированные букви”, “гаммированный крест" гэж хөрвүүлэн буулгасан нь нийтийн түгээмэл хэрэглээ болж чаджээ. Энэ нь ч зөв бөгөөд, дөрвөн том “га..." үсэг, “4 гамма” буюу шилбээр нь нийлүүлж зангидсан дөрвөн "Г-“гэ"-ийн нэгтгэл дүрс бүхий загалмай тэмдэг гэсэн дүрслэл утгатайг шууд хэлээд өгч байна.




Англо-саксоны хараа дээгүүр, зовхи нь өөдөө ард түмэн өөрсдийгөө “бид грек, ромыг дуурайж даган баясах “балчир” улс биш, харин ч тэднээс зүсэн зүйлээр ялгаран баавардах учиртай” хэмээн томрох. Тэдний энэ омголон бардам “байр суурь” хасын тухайд ч хамаатай нь илт байна. Англо-саксончууд дараах тухайлсан нэршил бүхий “хөлт загалмай”-н гэмээр нэгэн цогц онолыг үүсгэн бүтээжээ. Үүнд: Дөрвөн хөлт загапмай, (Fulfot-четвероногий крест), Олон хөлт загалмай; (Fylfot-многоногий крест), Аалзан хөлт загалмай; (Fylfot-крест паука багтана. Гот удмын Германчууд XX зуунд хас бэлгэдлийг “hakenkreuz”-(крючковатый крест) гэсэн нь өнө эртний монгол уламжлалт “гохт загалмай” руу шууд яваад оччихож байна. Энэ бол их сонин давхцал.

Ер нь монголчуудад хас тэмдгийг гогоддог гох дэгээтэй адилтган үзэх хэлбэр зүйн сэтгэлгээ бодитойгоор оршин байж уу хэмээн тухайлан судалж үзэхэд чухамхүү тэгдэг байснаар барахгүй, бүр 13-р зууны үеийн Монголын их эзэнт гүрний үед ч хас тэмдгииг өвөг дээдэс маань “хас гох”, “гохон хас” хэмээх сонгомол хэлцээр дуудаж тогтвортой хэллэг болгон хэрэглэж байжээ. Энэ тухай жишээ, хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатарын 2007 онд бичсэн Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн “...шүлгийн сонгомол” номд орсон байдаг. Тэнд "хас гох”-ын ийм нэгэн дүрслэл бий.

“Үдийн өмнөх уулын булаг унжийсан мөсөн мэт
Эртнээс аваад эдүгээ болтол тэр хэвээр бургилсаар
Салхи исгэрэхүй жалгын дор мөнгөн утас сэжилмүй
Саран халихуй хадны дэргэд хас гох живмүй”

Энд усны мандалд туссан хавирган сарны дүрсийг “хас гохон бидэртэн наадах” мэтээр дүрсэлснээс эртний тэр нэгэн. монгол найрагч гох дэгээг хасын нэгэн хувилбар гэж үзсэн нь илт. Харин умард хөршид, оросууд “хас”-ыг "коловорот’' гэлцдэг. “Коловорот” нь “нарны эргэлт”, “нарны хаалга” гэсэн утгатай дүйх үг юм. Гохон хас хэлбэрийн эсрэгцсэн хос хоёр хурц ирмэгэзрээ модыг урж цоолж нүхэлдэг мужааны уламжлалт гар багаж-чагтат эргүүлгэн өрмийг оросууд хар яриандаа “коловорот” гэдэг. “Хос гох” нийлэхээрээ “хас гох” болсон ч байж болно. Хэлний ярианы хөгжил хувьсал, үгсийн үүсэл гарвал утга зүйн үүднээс “хас” гэдэг чинь бас “хос” гэсэн үг мөн гэсэн тайлбар ч байдаг.



Үргэлжлэл бий.

No comments:

Post a Comment