Wednesday, January 2, 2013

АМЬДРАЛ БОЛ КИНО




1990 оны дунд үе. Нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүнд байсан учраас айл өрхүүд ч санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж, юу чаддагаараа бор ходоодоо тэжээх хэрэгтэй болсон цаг.
Монголын нэгэн алдартай зураглаач, зохиолч хоёр яг ийм шалтгаанаар нэгдэн, байгууллагын сурталчилгаанд зориулсан баримтат кино хийхээр болжээ. Гэхдээ тэдэнд ямар нэгэн санаа байсангүй, гагцхүү мөнгө олох чухал шаардлага тулгарч. Санал тавьсан байгууллага нь ч нааштай хариу өгч, мань хоёр “мөнгөжив”. Мөнгөө идэж, ууж, өмсөж, зүүхэд зориулчихаад бараг л кино хийх зорилгоо мартаад байх үед захиалагч байгууллагаас сураг тавилаа. Сандарсан хоёр машин, камераа зэхээд хөдөө явав.
“Ямар ч гэсэн хээр гаръя, ямар нэгэн зураг аваад, түүндээ тааруулж текст бичье” гэсэн зорилго өвөрлөөд анхны шөнөө хөдөөгийн нэгэн залуу гэр бүлийнд өнгөрүүлэв. Өглөө босоод юу хийх талаараа бодож суутал тэр айлын жаахан хүү анхаарлыг нь татлаа. Таван настай, адтай тэр жаал ишиг, хургатай ноцолдон, ийш тийшээ гүйх нь тэр чигээрээ кино шиг санагдсан тул туршлагатай зураглаач зургийг нь авч эхлэв. Тэр өдөр аав, ээж нь хүүгээ орхиод түр явах хэрэгтэй болсон юм билээ.
Ингээд таван настай жаал чухам юу хийж, өдрийг хэрхэн өнгөрүүлэхийг хальсанд буулгаад бүтээсэн кино нь “Эр хүн” нэртэй. Аав, ээжийнхээ эзгүйд хонио бэлчээж, хурааж байгаа дүр зураг нь хальсанд мөнхрөн үлджээ. Зохиолч, зураглаач хоёрын хувьд энэ киногоор байгууллагын захиалгын өрнөөс гарахын түүс байлаа. Хожим нь зураглаач өөрт үлдсэн нэг хувиа Японоос ирсэн киноны мэргэжилтэнд бэлэглэсэн юм билээ.
Гэтэл япон мэргэжилтэн киног нь Токиод болсон олон улсын кино наадамд сойсноор гран при шаг нал хүртэж, бүтээгчдэдээ 20000 ам.доллар авчирсан байгаа юм. Тэгэхээр амьдрал тэр чигтээ кино. Ялангуяа их хотын амьдралтай хөл нийлүүлэн яваа япончуудын хувьд Монголын хээр талд аав, ээжийгээ орлон гэрээ харах “эр хүн” сонирхолтой байсан байх. Бодит амьдралыг хальсанд буулгахад л ямар том урлагийн бүтээл болдгийн жишээ энэ. Тиймдээ ч хамгийн сүүлд Монголд нээлтээ хийсэн Томас Балмесийн АНУ, Африк, Монгол, Японд төрсөн дөрвөн хүүгийн нэг нас хүртэлх амьдралыг өгүүлдэг “Babies” дэлхий дахиныг шуугиулсаар байна. 

Үргэлжлэл бий....

No comments:

Post a Comment