Ах дүү Люмьер 1895 онд хөдөлгөөнт дүрсийг
дэлгэцэнд гаргах аппарат зохион бүтээж, Парисын “Гран” кафед кино үзлэг зохион
байгуулснаар кино урлагийн эх суурь тавигдсан хэмээн үздэг. Харин манайд 1935
онд “Монгол кино” студи байгуулагдаж, 1936 онд “Майн баярын 47 жил”, “Октябрийн
хувьсгалын 19 жилийн ой” кино мэдээг бүтээснээр энэ урлагтай холбогдсон байх
юм.
Тэгэхээр Монголын кино урлагийн түүхийг баримтат
кино эхлүүлжээ. Улмаар 1947 оноос “Манай оронд” нэртэй сар тутмын баримтат кино
сэтгүүл гаргаж, 1954 оноос “Кино мэдээ” хэмээн нэрлэх болжээ. Манай киноны уран
бүтээлчид 2005 он хүртэл 800 орчим баримтат кино бүтээсэн байдаг. Үндэсний төв
архивын харьяа Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд 1009 нэрийн 9855
бүлэг кино хадгалагддаг. Тэгэхээр баримтат болон уран сайхны киноны харьцаа
өмнөх жилүүдэд ямар байсныг бэлхнээ харж болно.
Харин 2005 оноос хойших кинонууд кино архивт
байхгүй. Иргэд, байгууллага бүтээлээ хамгаалуулахаар өөрсдөө авчирч өгвөл
хадгалахаас биш тухайн жилд бүтээсэн киноноос дээжлэн архивлах боломжгүй.
Баримтат кино ОНМХ-үүдийн нэгэн адил ухуулах, сурталчлах, мэдээлэх зорилгоор
амьдралын бодит байдлыг тусгаж түүгээр дамжуулан олон нийтийн нийгмийн ухамсарт
нөлөөлдөг.
Ингэхдээ шинэ мэдээлэл агуулж, танин мэдэхүйн
чиглэлийг түлхүү баримталдаг. Баримтат кино бодит байдлыг урлаг шиг уран сайхны
дүрээр дамжуулан тусгах бус нийгмийн амьдралд шууд орж, бодит баримт, нөхцөл
байдалд тулгуурлан гаргадаг. Тэгэхээр амьдралаас бий болсон гоо сайхныг
дүрсэлсэн баримтат киног дуу чимээ, дүрсний тусламжтайгаар ихэвчлэн телевизээр
дамжуулан олон түмэнд хүргэхээс биш кино театрт гаргаад нэмэргүй. Монголын
баримтат киноны түүхийг эргэн харвал 1970-1990 онд хамгийн олон киног бүтээжээ.
Түүхэнд тэмдэглэгдсэн 800 киноны 400 гаруй нь энэ он тоололд хамаатай.
Үргэлжлэл бий...
No comments:
Post a Comment