XXI зууны Монгол орны өрнүүн амьдралын түүхийн муу
жишээг дурдвал долдугаар сарын 1-нээр төлөөлүүлж, сайныг нэрлэвэл Олимпийн
аваргатай болсноо саная. Энэ тухай хэн нэгэн нь баримтат кино хийсэн гэж та
дуулсан уу? Долдугаар сарын 1-ний үйл явдлыг телевизүүд хальсанд буулгасныг
Цагдаагийн байгууллагынхан ашиглаж, үймээн самуун дэгдээсэн “нөхөд”-ийг
баривчилсан гэсэн.
Түүнээс өөрөөр лав ашиглаагүй. Гэтэл телевизийн
хальс 2-3 жилийн настай, кино хальс зөв хадгалагдвал хэдэн зуундаа ч түүх
хүүрнэсээр байдаг. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчинтай ижил хэмээх
улиг болсон үгийг давтъя. “Монгол Улс олимпийн аваргатай болсон тэр өдөр Монгол
Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга нар Чингисийн хөшөөний
өмнө хөтлөлцөн зогсож байсан” хэмээн хэн нэгний тэмдэглэн үлдээснийг уншиж
сууснаас тухайн үеийг сэтгэл хөдлөл, дуу, дүрстэй нь харуулсан баримтат кино
үзсэн нь дээр баймаар юм.
Сар тутам бэлддэг “Түүхийн хүрд” кино мэдээ
дангаараа баримтат киног төлөөлж чадахгүй. Чанартай хальсанд буулган, удаан
хадгалахаар боловсруулж байгаа ч амьдралаас бий болсон дүр тэнд үгүй. Өмнө нь
саальчин Дулмаа, нэгдлийн дарга Дамчаа, үйлдвэрийн ажилчин Гэрэлээр дамжуулан
тухайн цаг үеийн түүхийг баримтат киноны хальсанд буулгадаг байсан. Монголын
кино урлагт арилжааны шинж давамгайлж байгаа учраас төр засгаас уран сайхны
кинонд төсөв мөнгө зарцуулахаа хэдийнэ больсон.
Түүнээс гадна гадаадын иргэдийг Монголын газар
нутагт дүрс бичлэг хийвэл тодорхой хэмжээний татвар авдаг болсон тухай хэдэн
жилийн өмнөөс ярьсан. Хэрэв тийм бол энэ орлого, хэмнэсэн зарлагаа нийлүүлээд баримтат
кино бүтээхэд зориулбал ямар вэ? Нэгэнт киночид өөрсдөд нь ашиг авчрахгүй
баримтат кинонд төдийлэн анхаарал хандуулахгүй ч уран бүтээлч тэмүүллээр цөөн
хэдэн кино бүтээх нь дамжиггүй. Тэгвэл тэдгээрээс чанартайг нь архивтаа
хадгалж, хойч үедээ өвлүүлэх боломж бас байж болох юм.
Түүхийг гуйвуулах эрх хэнд ч байхгүй. Тиймээс аль
нэг нам, улс төрийн хүчний захиалгаар бүтээгддэг жижиг сажиг киногоор баримтат
киноны тоог бүү нэмэгдүүлээсэй. Түүхээ эзэнтэй, баримтаа хадгалж бүртгэдэг
сантай болгон, маргаашдаа зориулсан үнэнийг үлдээхийн төлөө өнгөрсөн жилүүдэд
гаргасан алдаагаа эргэн нэг харцгаая. Өнгөрсөн 20 жилийн түүх баримтат киноны
хальсанд мөнхрөөгүй ч ирэх олон жилийг ийм байдлаар өнгөрүүлбэл ирээдүй хойч
минь ойд төөрч, сармагчин лугаа тэнүүчлэх биз ээ.
Ж.Солонго
No comments:
Post a Comment