Wednesday, May 1, 2013

Майнбаяр

Хүүхэд нас минь гэнэт бодогдлоо. Аав минь намайг дагуулаад яг энэ өдөр их эрт талбай ордог байж билээ. Том дарга нар нь индэр дээр, их олон хүн бужигнасан урт урт жагсаал, уриа лоозон бариад УРАА УРААА гээд л нэг дуугаар хашгирна.
Тэр үеэ дурсахаар надад сайхан байдаг.
СОЦ нийгмийн үеийг хүмүүс тэгтлээ их муулаад байх хэрэггүй юм шиг санагддаг. Хүний эрхийг зөрчиж байсан гэдгээс бусад нь бол сайхан байсан гэж боддог. Ядаж л ахмадын үгийг сонсохоос эхлээд ах захаа мэддэг, гадуур биеэ зөв  авч явдаг, ... одоо энэ нийгэмд болж байгаа аймшигт үйл явдлуудыг чинь бараг мэддэггүй л байлаа.
Пионер байхад их гоё байж. за ингээд дурсаад байвал мэдээж их л юм байгаа.
Хааяа нэг дурсахад сайхан байдагийн.
Надад нэг ийм зураг байдын.
Майнбаяр 77 жилийн ойн баярын зураг





Wednesday, January 2, 2013

ОКТЯБРИЙН АУГАА ИХ ХУВЬСГАЛ МАНДТУГАЙ ГЭЖ ЯВСНАА МАРТАЖ БОЛОХГҮЙ





“Октябрийн аугаа их хувьсгал мандтугай!” ийм уриа хашхираад өнгийн бөмбөлөг хөөргөж, “Капитализм сөнөтүгэй!” мэтийн уриа лоозон барьчихсан, чанга яригчаар “МАХН мандтугай”  гэж хэлэхээр дагаж “тугай” гэж орилсон аав, ээж нар хүүхдээ дагуулан Сүх жанжны талбай дээр жагсдаг байсан цаг саяхан. Ийм юм байсан гэхэд одоогийн залуус итгэж ядан юун хувьсгал, юун тэнэг юм яриад байгаа юм бэ гэх. Гэтэл энэ “тэнэг юм” нь хорьдугаар зууны түүхийг үндсээр нь өөрчилж, олон олон улс,олон зуун сая хүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн билээ.
Цус, төмөр хоёроор бичигдсэн хорьдугаар зууны их найдлага, их аймшгаар дүүрэн нэгэн үйл явдлын 95 жилийн ой маргааш болох гэж байна.

Дэлхийн нэгдүгээр дайнд эзэнт гүрэн доройтсоныг далимдуулж, эрх мэдлийн төлөө яахаа ч буцахгүй болсон большевик намын гүйцэтгэсэн төрийн эргэлт дэлхийн түүхийг ингэтэл өөрчлөх юм гэж хэний санаанд орох билээ. Большевикууд “Хамаг баялгийг бүтээгч ажилчин, тариачид яагаад хамгийн ядуу зүдүү амьдарч, амьдралдаа талх ч зүсч үзээгүй банк, үйлдвэрийн эзэд яагаад хамаг бүхнийг эдэлж хэрэглэн баяжиж байна вэ? Эд баялгийг бүгдэд тараая! Эрх тэгш, эрх чөлөөтэй амьдаръя! Хөрөнгөтнүүдийн дарлалаас ангижирцгаая! Бүх  нийтээр ямар ч асуудлыг зөвлөлдөн шийдэх Зөвлөлийн засагт бүх эрх мэдлийг өгье. Ардчилал!” гэх мэт гоё уриатай. Эд баялгийн тэгш бус хувиарлалт байгааг хэлсэн хэлээгүй харж байсан харанхуй олонхийн цөс нь хөөрч большевикуудыг дэмжсэн. Хөрөнгөтнүүдийг толгой дараалан буудаад, бүх хөрөнгө мөнгийг ажилчин, тариачдын тоонд тэгш хуваагаад тараачихвал бүх юм “окэй” болно гэж бодож. Большевикууд харин зөөлөн үлээхэд уначихгүй хэмжээнд хүртэл хөл дээрээ тогтмогцоо уриалж байснаасаа тэс өөр бодлого явуулж эхэлсэн юм. Тэд юун түрүүнд намыг нь эсэргүүцсэн хүн болгоныг хувсгалын эсэргүү гэж буудан хороох, эрүүл саруулаар сэтгэн бодох, шүүн тунгаах чадвартай нийгмийн давхарга буюу сэхээтнүүдийг хомроглон устгах, хавчих бодлого явуулж эхэлсэн билээ. Нам нь төрийн нэрийг барьж бүх эд баялгийг гартаа оруулаад, ард түмнийхээ хөдөлмөрийг сорж эхэлсэн юм. Үр дүнд нь Зөвлөлт улс бий болсон.

Зөвлөлт нь цөөн их хэдэн гүрний колончлол, дарангуйллаас чөлөөлөгдөхийг мөрөө­дөж байсан улс болгон руу өөрийн төлөөлөгчдийг илгээж, тусгаар тогтнолоо олоход нь туслана гээл коммунист нам байгуулж өгөх замаар хүрээгээ тэлэв. Ийм замаар Хятадын, Өвөрмонголын, Вьетнамын, Мексикийн гээд коммунист намууд энд тэнд байгуулагдсаар дэлхий дээр коммунист намгүй улс бараг үгүй болох шахсан. Тэдний ард байсан Зөвлөлтийн коммунист намд аль орны Үндэсний эрх чөлөө биш зөвхөн өөрийн намын нөлөөг л дэлхий даяар түгээх хүсэл байсныг ухаалаг хүмүүс олж харан, сэрэмжлүүлж байсан нь ойлгомжтой. Гэтэл сэрэмжлүүлэг нь хөрөнгөтнүүдийн мөнгө, дэмжлэгийг авч, бяраа аваад хазайснаар  коммунизмаар ард олныг сүрдүүлсэн фашизм гэгч долоон дор үзэгдэл бий болсон. Харин хөрөнгөтнүүд хоёр мангас хоорондоо байлдаад хэн ялсныг нь бид ялна гэж харж суусаар Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн гэвэл том хэтрүүлэг болохгүй.

Энэ бол нийгэм эрх тэгш бус, эд баялгийн хувиарлалт шударга бус, баян ядуугийн ялгаа дэндүү хэтэрсэн нөхцөлд гоё уриа, уран үг, их амлалтаар засгийн эрхийг аваад, авсан даруйдаа амлалтаа чадварлагаар мартдаг төрийн төлөөх улайрсан тэмцэл хэрээс хэтрэхээр юунд хүргэдгийн тод жишээ. Юунд хүргэсэн бэ гэвэл олон орон Зөвлөлт нэртэй шинэ их гүрний колони болж, хэдэн зуун сая хүн амиа алдаж, түүхийн урсгал чигээ өөрчилсөн.

Гэхдээ юм болгон хоёр талтай. Октябрийн хувьсгалын нөлөөгөөр колони орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хүчтэй өрнөсөн.  Үр дүнд нь зарим улс асар их үнээр ч гэлээ эрх чөлөөгөө олсон. Нэг жишээ нь Монгол.
Ядуу дорд дийлэнх олонхидоо юу ч өгөлгүй хэт дээрэлхээд, харанхуй бүдүүлэг байлгаад байвал яваандаа утга учиргүй аллага, сүйрэл дагуулсан хувьсгал гардгийг баян цатгалан цөөнх ойлгосон. Ойлгоод ажилладаг цагийг багасгаж, бага ч гэлээ нийгмийн халамж өгч, улс орны удирдлагад өчүүхэн ч гэлээ оролцуулдаг, соён гэгээрэхийг нь дэмждэг болсон.

Энэ мэтээр Октябрийн хувьсгалын дэлхий дахинаа үзүүлсэн нөлөө асар их болохоор мартах гэж яарах хэрэггүй л байх. Харин ч эсрэгээр бүр нарийн судлаж ийм гамшигт үйл явдал хэрхэн дахин гаргуулахгүй байх вэ гэдэг талаар сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй биз.

ТҮҮХИЙГ ГУЙВУУЛАХ ЭРХ ХЭНД Ч БАЙХГҮЙ



XXI зууны Монгол орны өрнүүн амьдралын түүхийн муу жишээг дурдвал долдугаар сарын 1-нээр төлөөлүүлж, сайныг нэрлэвэл Олимпийн аваргатай болсноо саная. Энэ тухай хэн нэгэн нь баримтат кино хийсэн гэж та дуулсан уу? Долдугаар сарын 1-ний үйл явдлыг телевизүүд хальсанд буулгасныг Цагдаагийн байгууллагынхан ашиглаж, үймээн самуун дэгдээсэн “нөхөд”-ийг баривчилсан гэсэн.
Түүнээс өөрөөр лав ашиглаагүй. Гэтэл телевизийн хальс 2-3 жилийн настай, кино хальс зөв хадгалагдвал хэдэн зуундаа ч түүх хүүрнэсээр байдаг. Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчинтай ижил хэмээх улиг болсон үгийг давтъя. “Монгол Улс олимпийн аваргатай болсон тэр өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын их хурлын дарга нар Чингисийн хөшөөний өмнө хөтлөлцөн зогсож байсан” хэмээн хэн нэгний тэмдэглэн үлдээснийг уншиж сууснаас тухайн үеийг сэтгэл хөдлөл, дуу, дүрстэй нь харуулсан баримтат кино үзсэн нь дээр баймаар юм.
Сар тутам бэлддэг “Түүхийн хүрд” кино мэдээ дангаараа баримтат киног төлөөлж чадахгүй. Чанартай хальсанд буулган, удаан хадгалахаар боловсруулж байгаа ч амьдралаас бий болсон дүр тэнд үгүй. Өмнө нь саальчин Дулмаа, нэгдлийн дарга Дамчаа, үйлдвэрийн ажилчин Гэрэлээр дамжуулан тухайн цаг үеийн түүхийг баримтат киноны хальсанд буулгадаг байсан. Монголын кино урлагт арилжааны шинж давамгайлж байгаа учраас төр засгаас уран сайхны кинонд төсөв мөнгө зарцуулахаа хэдийнэ больсон.
Түүнээс гадна гадаадын иргэдийг Монголын газар нутагт дүрс бичлэг хийвэл тодорхой хэмжээний татвар авдаг болсон тухай хэдэн жилийн өмнөөс ярьсан. Хэрэв тийм бол энэ орлого, хэмнэсэн зарлагаа нийлүүлээд баримтат кино бүтээхэд зориулбал ямар вэ? Нэгэнт киночид өөрсдөд нь ашиг авчрахгүй баримтат кинонд төдийлэн анхаарал хандуулахгүй ч уран бүтээлч тэмүүллээр цөөн хэдэн кино бүтээх нь дамжиггүй. Тэгвэл тэдгээрээс чанартайг нь архивтаа хадгалж, хойч үедээ өвлүүлэх боломж бас байж болох юм.
Түүхийг гуйвуулах эрх хэнд ч байхгүй. Тиймээс аль нэг нам, улс төрийн хүчний захиалгаар бүтээгддэг жижиг сажиг киногоор баримтат киноны тоог бүү нэмэгдүүлээсэй. Түүхээ эзэнтэй, баримтаа хадгалж бүртгэдэг сантай болгон, маргаашдаа зориулсан үнэнийг үлдээхийн төлөө өнгөрсөн жилүүдэд гаргасан алдаагаа эргэн нэг харцгаая. Өнгөрсөн 20 жилийн түүх баримтат киноны хальсанд мөнхрөөгүй ч ирэх олон жилийг ийм байдлаар өнгөрүүлбэл ирээдүй хойч минь ойд төөрч, сармагчин лугаа тэнүүчлэх биз ээ.

Ж.Солонго

КИНО УРЛАГИЙН ТҮҮХИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАРИМТАТ КИНО



Ах дүү Люмьер 1895 онд хөдөлгөөнт дүрсийг дэлгэцэнд гаргах аппарат зохион бүтээж, Парисын “Гран” кафед кино үзлэг зохион байгуулснаар кино урлагийн эх суурь тавигдсан хэмээн үздэг. Харин манайд 1935 онд “Монгол кино” студи байгуулагдаж, 1936 онд “Майн баярын 47 жил”, “Октябрийн хувьсгалын 19 жилийн ой” кино мэдээг бүтээснээр энэ урлагтай холбогдсон байх юм.
Тэгэхээр Монголын кино урлагийн түүхийг баримтат кино эхлүүлжээ. Улмаар 1947 оноос “Манай оронд” нэртэй сар тутмын баримтат кино сэтгүүл гаргаж, 1954 оноос “Кино мэдээ” хэмээн нэрлэх болжээ. Манай киноны уран бүтээлчид 2005 он хүртэл 800 орчим баримтат кино бүтээсэн байдаг. Үндэсний төв архивын харьяа Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд 1009 нэрийн 9855 бүлэг кино хадгалагддаг. Тэгэхээр баримтат болон уран сайхны киноны харьцаа өмнөх жилүүдэд ямар байсныг бэлхнээ харж болно.
Харин 2005 оноос хойших кинонууд кино архивт байхгүй. Иргэд, байгууллага бүтээлээ хамгаалуулахаар өөрсдөө авчирч өгвөл хадгалахаас биш тухайн жилд бүтээсэн киноноос дээжлэн архивлах боломжгүй. Баримтат кино ОНМХ-үүдийн нэгэн адил ухуулах, сурталчлах, мэдээлэх зорилгоор амьдралын бодит байдлыг тусгаж түүгээр дамжуулан олон нийтийн нийгмийн ухамсарт нөлөөлдөг.
Ингэхдээ шинэ мэдээлэл агуулж, танин мэдэхүйн чиглэлийг түлхүү баримталдаг. Баримтат кино бодит байдлыг урлаг шиг уран сайхны дүрээр дамжуулан тусгах бус нийгмийн амьдралд шууд орж, бодит баримт, нөхцөл байдалд тулгуурлан гаргадаг. Тэгэхээр амьдралаас бий болсон гоо сайхныг дүрсэлсэн баримтат киног дуу чимээ, дүрсний тусламжтайгаар ихэвчлэн телевизээр дамжуулан олон түмэнд хүргэхээс биш кино театрт гаргаад нэмэргүй. Монголын баримтат киноны түүхийг эргэн харвал 1970-1990 онд хамгийн олон киног бүтээжээ. Түүхэнд тэмдэглэгдсэн 800 киноны 400 гаруй нь энэ он тоололд хамаатай.

Үргэлжлэл бий...

АМЬДРАЛ БОЛ КИНО




1990 оны дунд үе. Нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүнд байсан учраас айл өрхүүд ч санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулж, юу чаддагаараа бор ходоодоо тэжээх хэрэгтэй болсон цаг.
Монголын нэгэн алдартай зураглаач, зохиолч хоёр яг ийм шалтгаанаар нэгдэн, байгууллагын сурталчилгаанд зориулсан баримтат кино хийхээр болжээ. Гэхдээ тэдэнд ямар нэгэн санаа байсангүй, гагцхүү мөнгө олох чухал шаардлага тулгарч. Санал тавьсан байгууллага нь ч нааштай хариу өгч, мань хоёр “мөнгөжив”. Мөнгөө идэж, ууж, өмсөж, зүүхэд зориулчихаад бараг л кино хийх зорилгоо мартаад байх үед захиалагч байгууллагаас сураг тавилаа. Сандарсан хоёр машин, камераа зэхээд хөдөө явав.
“Ямар ч гэсэн хээр гаръя, ямар нэгэн зураг аваад, түүндээ тааруулж текст бичье” гэсэн зорилго өвөрлөөд анхны шөнөө хөдөөгийн нэгэн залуу гэр бүлийнд өнгөрүүлэв. Өглөө босоод юу хийх талаараа бодож суутал тэр айлын жаахан хүү анхаарлыг нь татлаа. Таван настай, адтай тэр жаал ишиг, хургатай ноцолдон, ийш тийшээ гүйх нь тэр чигээрээ кино шиг санагдсан тул туршлагатай зураглаач зургийг нь авч эхлэв. Тэр өдөр аав, ээж нь хүүгээ орхиод түр явах хэрэгтэй болсон юм билээ.
Ингээд таван настай жаал чухам юу хийж, өдрийг хэрхэн өнгөрүүлэхийг хальсанд буулгаад бүтээсэн кино нь “Эр хүн” нэртэй. Аав, ээжийнхээ эзгүйд хонио бэлчээж, хурааж байгаа дүр зураг нь хальсанд мөнхрөн үлджээ. Зохиолч, зураглаач хоёрын хувьд энэ киногоор байгууллагын захиалгын өрнөөс гарахын түүс байлаа. Хожим нь зураглаач өөрт үлдсэн нэг хувиа Японоос ирсэн киноны мэргэжилтэнд бэлэглэсэн юм билээ.
Гэтэл япон мэргэжилтэн киног нь Токиод болсон олон улсын кино наадамд сойсноор гран при шаг нал хүртэж, бүтээгчдэдээ 20000 ам.доллар авчирсан байгаа юм. Тэгэхээр амьдрал тэр чигтээ кино. Ялангуяа их хотын амьдралтай хөл нийлүүлэн яваа япончуудын хувьд Монголын хээр талд аав, ээжийгээ орлон гэрээ харах “эр хүн” сонирхолтой байсан байх. Бодит амьдралыг хальсанд буулгахад л ямар том урлагийн бүтээл болдгийн жишээ энэ. Тиймдээ ч хамгийн сүүлд Монголд нээлтээ хийсэн Томас Балмесийн АНУ, Африк, Монгол, Японд төрсөн дөрвөн хүүгийн нэг нас хүртэлх амьдралыг өгүүлдэг “Babies” дэлхий дахиныг шуугиулсаар байна. 

Үргэлжлэл бий....

Үзэгчдээс холдож, киночдодоо гологдсон БАРИМТАТ КИНО




Амьдрал үргэлжилсээр... Гэвч амьдралаар бүтээгддэг баримтат киноны сувдан хэлхээ хэдийнэ тасарчээ. Монгол кино нэгтгэл Засгийн газрын тогтоолын дагуу сар тутам 30 минутын “Түүхийн хүрд” кино мэдээлэл бэлтгэдэг ч үүний ихэнх нь УИХ болон Засгийн газрын хуралдаанд зориулагддаг.
Тэгэхээр баримтат киноны өөр нэгэн төрөл болох кино нийтлэлийн хэлбэрээр дүрийг тодруулж хийсэн бүрэн хэмжээний бүтээлийн тухай ярих ч хэрэггүй. Мэдээж “Оскар”-т нэр дэвшсэн “Ингэн нулимс”, Тайванийн олон улсын кино наадмын “Азийн хараа” гран при шагнал хүртсэн “Хүсэл шунал”, Хонконгийн урлагийн төвөөс зохион байгуулдаг Бие даасан богино хэмжээний киноны наадмаас тусгай шагнал хүртсэн “Зуд. Хүйтэн симфони” зэрэг баримтат киногоор бахархалгүй яах вэ. Гэхдээ аав, хүү найруулагчийн амьдрал, бяцхан хүүгийн түүх, ботгоо голсон ингэний тухай баримтат кино бүтээгээд олон улсын наадмын шагнал хүртэхдээ бус, хойч үедээ зориулсан Монголынх гэх түүх, ёс заншлийг таниулж үлдээх нь чухал.
Телевизээр дээхнэ үеийн үйлдвэр, завод, нэгдлийн тухай өгүүлсэн баримтат кино гарахад нь би шохоорхон үзэх дуртай. Цаг хугацааг ухрааж, түүхээр аялах боломж олгодог учраас тэр. 

Үргэлжлэл бий......