Wednesday, November 30, 2011

Монгол Улсын тамга


Тамга бол эрх дарх, сүр хүч, билиг оюун, төр ёсны бэлэгдэл. амгагүй төр, төргүй тамга гэж байсангүй. Монгол төрийн алтан жолоо тасралгүй явсаар өнөө бидний үед хүрч ирснийг тамгаар нь баталж чулуун хөшөө босгох болсныг хэн хүнгүй амьсгаа даран хүлээж байлаа. Гэтэл, бодохоос дотор харлам тийм хэдэн зүйл үүсчээ. Үүнд:



  • Зоосыг ар өвөр 2 талаас нь үзүүлдэг шиг тамгыг нүүрэн ба бөөрөн талаас нь ихэрлүүлэн харуулдаг. Нүүрнээсээ бичээс нь, бөөрнөөсөө ТАМГАНЫ ТЭМДЭГ ил байдаг. Нүүрний бичээс нааш харж байхад, тамганы тэмдэг дээр нь байвал, хажуу тал дээрээ иштэй тамга шиг үзэгдэх тул урлагийн бүтээлд ч аль болох тийн үзүүлэхээс зайлсхийдэг.
  • Юугаар ч бүтээсэн, юу гэж бичсэн, хэмжээ дамжаа, хэлбэр галбираас тамганы зэрэг дэв тодрохоос гадна, тамганы тэмдэг маш нарийн учир холбогдолтой. Тамганы тэмдэг гэж , тамганы ишнээ сийлсэн дүрсийг хэлнэ. Барс сийлсэн бол Барс тэмдэгт тамга, Арслан сийлсэн бол Арслан тэмдэгт тамга, Луу сийлсэн бол Луу тэмдэгт тамга гэх жишээний. Нүүрний үсгийг уншихаас урьтаж, бариулыг нь хармагц л, эзэн хаан, эх хатан, бичгийн сайд, цэргийн түшмэл, харъяа улсын вангаас авхуулаад хэний тамга болох нь танигдана..
  • Төрийн ордны хоыд талд босгосон "Монгол Төрийн Тамганы хөшөө"-ний ишин дээр Бар сийлсэн байна. Будлианы эх үүсвэр энд л байна. Энэ бол нүдний булангаар, чихний хажуугаар, дүлий дөмбөн царайлаад өнгөрүүлж хэрхэвч болохгүй асуудал. Тамганы хөшөөний загварыг гаргахдаа ул суурьтай судалгаа хийгээгүй, эрдэмтэн мэргэд олон түмнийхээ санал бодлыг аваагүй буюу хэрэгсээгүй, төрийн тамганы тухай дулимагхан ойлголттой, хайнга хандсанаас ийм байдалд хүрсэн бололтой. Энэ нь цаанаа өнөөгийн Монгол төрийн тамганы ишнээ Арслан сийлснийг буруу гэсэн бодол цухалзуулж, үе үеийн Монгол төрийн тамгануудын бариулыг бараар сольж өөрчлөвөөс зохилтой гэсэн санаа агуулж хөшөөг босгосон шиг болжээ. "Өнөөдөр" сонины сурвалжлагч "Тамганы бариул бар байгаа нь ямар учиртай вэ? Одоогийн манай төрийн тамганы бариулд арслан сийлсэн байдаг шүү дээ?" гэж асуухад хөшөөний загвар зохион бүтээгч: "Цогт тайж кинон дээр Лигдэн хаан тамгаа нууж байгаа хэсэг гардаг. Тэр тамга бар бариултай байсан. Ер нь Монголчууд барын дүрсийг төрийн тамганы бариулдаа сийлж байсан уламжлалтай" /Өнөөдөр сонин. 2006,11,27, даваа/ гэж хариулжээ. Дундад зуун, түүнээс урагших Монгол төрийн тамга олдоогүй байгаа нөхцөлд "Монголчууд барын дүрсийг төрийнхөө тамганы бариулд сийлж байсан уламжлалтай" гэж хэлж болохгүй шүү дээ. Уран сайхны бүтээл, тухайлбал кинонд барс бариултай хийсэн үзэгддэг. Уран сэтгэмж заавал бодит үнэнтэй тохирч байх албагүй, мөн тэр нь одоогоос бүхэл бүтэн нэг жарны өмнөх явдал хэмээн түүнийг уучлах нэгэн учиг бий. Энэ хооронд шинжлэх ухаан урагш явж өгсөн байна. 1940-өөд оны үед сураггүй байсан маш их мэдээ сэлт нэгэнт илэрч, 21-р зууны үед босгож буй "Монгол Төрийн Тамганы хөшөөг" бүтээхдээ харгалзан үзэж, бодож ашиглууштай мэдээ олон байлаа. Одоогийн шинжлэх ухааны хүрсэн дээд төвшингөөс эргэн харж, хараахан олдоогүй байгаа 13-р зууны Монгол гүрний төрийн тамга ямар байсныг төсөөлөн, чухам тэр үнэнтэй ойртуулан үйлдвээс зохистой. Их Монгол Улсын Төрийн Тамганы үгийг Гүюг хааны хэмээн алдаршсан тамганы бичээсийн дардаст дулдуйдахаас өөр аргагүй. Гэвч, зайлшгүй залруулваас зохих хэдэн зүйл байгааг онцлоё.
  1. Монголын дөрвийн дөрвөн төрийн тамганы дардасыг хэвээр буулгаад, дээр нь бар бариул хийсэн байгаа нь яав ч зөвтгөшгүй. нэн ялангуяа бид, Төрийн тамгаа хөшөө чулуунаа хазгай буруу сийлэн мөнхөлж, хойч үедээ үлдээвэл хожим харамсаад барахгүй буйза.
  2. Богд хааны нэг тамга Арслан бариултай байсаар атал яахаараа энэ хөшөөнөө Бар бариултай болгон сийлдэг байна?
  3. Одоо, Монгол Улсын Төрийн тамга Арслан бариултай байсаар атал яахаараа энэ хөшөө Бар бариултай болгон сийлдэг байнаа? Энэ бол Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчсөн явдал. Үүнд, Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээрбүлгийн 12-р зүйлийн 6-рт "Монгол Улсын Төрийн Тамга... арслангийн дүрс бүхий бариултай байна." /1992 он,7-р тал/ гэж тодорхой зааж хуульчилсан байна. Хөшөө бэлгэдлийн чанартай урлагийн бүтээл гэх буюу нэг кинонд тийм байсан гэх буюу, музейд бар бариултай тамга олон байдаг гэдгээр халхавч хийж / энэ олон байдаг баримт чинь л төрийн тамгыг бар бариултай хийж болохгүй гэдгийг хэлж өгч байна. Төрийн тамга олон байх учиргүй/ Бодит үнэнээс хазайж, Төрийнхөө тамгануудаар тоглож, Үндсэн хуулий зөрчиж хэрхэвч болохгүй мэт. Тэгвэл ямар бариултай байх ёстой вэ? Лав л Барс бариултай байж таарахгүй гэдгийг дараах баримтаар баттай хэлж болно.
  • Сүүлийн үеийн Хан хүний тамга олдоод байгаа. Тэр нь Бар бариултай. Түүнийг яг дуурайн , олдоогүй байгаа Хаан хүнийтамгыг бүтээж болохгүй. Олдоогүй байгаа нь ертөнцөд ганц хувь, хосгүй онцгой тамга. Өөрөөр хэлбэл, Хаан хүний тамга, жирийн нэг Хан хүний тамгатай адил болчихжээ гэсэн үг. Хаан хүн, хан хүнтэй ижил тамгатай байх нь ёсонд хазгай.
  • Их Монгол Улсын Төрийн тамга харъяа улсынхтайгаа ив ижилхэн буюу хос байх ёсгүй, байгаа ч үгүй нь хэн бүхнээ тодорхой бөгөөд Түүхэн баримт үүнийг гэрчилнэ.

No comments:

Post a Comment