Заримдаа нээх их бодолд автдын. Ихэнхдээ өнгөрсөн үеэ дурсаад гоё байдаг.
Тоглохоос өөр юм мэддэг байсан юмуу даа би гэж бодогдон үе ч гардаг. Товчооны ойролцоо байдаг 6 р сургуульд явдаг байлаа. СОЦ нийгмийн үе байсан болхоор яг адилхан шахуу орос форм өмсөнө. Би ч дуртай байсан л даа. Хичээлээ тараад ангийнхаа хэдэн охидтой нийлээд чартаа, резин гээд тоглоод алга болчихно. Орой нь хав халтар юм гэртээ орно. Аав ээж юу ч хэлэхгүй. Харин орой унтах болхоор ээж гар нүүрийг маань гельцринээр харин ч нэг тосолж өгнө дөө. Хорсоно гэж аймар. Сайртахаас хамгаалж байгаа нь тэр шүү дээ. 7 хоногийн аль нэг өдөр нь гэнэт "ариун цэврийн үзлэг" гээд хэдэн хүүхдүүд орж ирнэ шүү дээ. заавал шалгах ёстой зүйлд нь сам, нусны, гутлын алчуур, гараа угаасан эсэх, хумс, охид нь лент зүүсэн байх ёстой, хөвгүүд нь үсээ засуулсан байх ёстой гээд гутлаа тосолсон эсэх гээд бараг л дотуур хувцас шалгах нь холгүй байж билээ.
Нэг өдөр би яаж байгаад гутлынхаа алчуурыг мартсын мэдэхгүй, орой нь гадаа тоглож байгаад гутлаа ч тослоогүй ирчихсэн ангид гэнэт нөгөө ариун цэврийн үзлэг нэртэй соёлын довтолгоо ороод ирсэн. Цүнхээ уудалсан, гутлын алчуур байдаггүй.. Сандарсандаа нусныхаа алчуурыг 2 хуваагаад нэг хэсгээр нь маш хурдан гутлаа арчаад хар болгочихоод үзүүлчихсэн.
Амралтын өдрүүдэд формныхоо зах манжеткыг хадна гэж аймар том ажилтай.
Манай ангид айхтар сахилгагүй хүү байсан. Гар нь бол байнгийн сайртай. Нус нь бол гоожоостой. Багш ор ирэхээр формныхоо ханцуйгаар нэг шувтарч арччихаад суучихна.
Манай ангийн багш их хатуу хүн байсын. Самбарын өмнө бүгдийг нь жагсааж байгаад соёлын довтолгооны ажлаа эхэлнэ дээ. Гар нь сайртай нөгөө хүүгийн гарыг самаар нь харин ч нэг хусаж өгнө дөө. Тэгээд багш өөрийнхөө ширээний дор суулгачихдаг байсан. Одоо бодхоор тиймэрхүү санагдаад байдын.
Гэхдээ би лав ариун цэврийн үзлэг нэртэй соёлын довтолгооноос их л зүйл сурсан даа.
No comments:
Post a Comment