Friday, December 9, 2011

80-аад оны соёлын довтолгоо

Заримдаа нээх их бодолд автдын. Ихэнхдээ өнгөрсөн үеэ дурсаад гоё байдаг.
Тоглохоос өөр юм мэддэг байсан юмуу даа би гэж бодогдон үе ч гардаг. Товчооны ойролцоо байдаг 6 р сургуульд явдаг байлаа. СОЦ нийгмийн үе байсан болхоор яг адилхан шахуу орос форм өмсөнө. Би ч дуртай байсан л даа. Хичээлээ тараад ангийнхаа хэдэн охидтой нийлээд чартаа, резин гээд тоглоод алга болчихно. Орой нь хав халтар юм гэртээ орно. Аав ээж юу ч хэлэхгүй. Харин орой унтах болхоор ээж гар нүүрийг маань гельцринээр харин ч нэг тосолж өгнө дөө. Хорсоно гэж аймар. Сайртахаас хамгаалж байгаа нь тэр шүү дээ. 7 хоногийн аль нэг өдөр нь гэнэт "ариун цэврийн үзлэг" гээд хэдэн хүүхдүүд орж ирнэ шүү дээ. заавал шалгах  ёстой зүйлд нь сам, нусны, гутлын алчуур, гараа угаасан эсэх, хумс, охид нь лент зүүсэн байх ёстой, хөвгүүд нь үсээ засуулсан байх ёстой гээд гутлаа тосолсон эсэх гээд бараг л дотуур хувцас шалгах нь холгүй байж билээ.